2010-05-31

АЛАГДАЙ АВАРГА - 2

Д.Цэвэгмид  
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай,   2-р хэсэг)

Үргэлжлжл

Алагдайн гарамгай тамирчинг
Амьтан бүхэн магтаж
“Ямар мундаг ишиг вэ?
Яасан догь ямаа вэ?” гэлцэнэ.
    Магтаал сайшаал сонсоод
    Мань Алагдай бүр ч гаарч
    Хайр чулууг харжигнатал
    Хад асгыг доргитол
Тэв тэв гишгэлнэ
Тэнд энд цовхорно.
Годон сүүлээ өргөж
Гоё ганган зогсоно.
    Намрын нэгэн өдөр
    Нармай янгир гөрөөсний
    Сүргийн наадам болох
    Сүржин зарлал тархав.
          Өчүүхэн гурван ишиг
          Үүр цүүрээр босож
          Үс зүсээ янзлан
          Үзэмж өнгөө засаад,
              Сайрыг өгсөн цахилсаар
              Хайрыг бутарган хатирсаар
              Янгирын наадмын газар
              Яаран сандран хүрэхэд,
          Уртын харайлтаас эхлэн
          Уралдах харвалдах дараалан
          Янгирын барилдаан хүртэл
          Янз бүрийн тэмцээн болов.



                     Үргэлжлэнэ    -> ...


2010-05-27

АЛАГДАЙ АВАРГА

Д.Цэвэгмид  
(Багачууддаа уншиж өгөөрэй 5-6 настай,   1-р хэсэг)

Он жилийн цэлмэгт
Онгон тэнгэрийн сайханд
Оргил цагаан титэм нь
Од болон гялалзсан
         Өндөр шөнийн бүрхэгт
         Өглөө үдшийн буданд
         Уул үүл уулзан золгож
         Учир нэгнийг шивнэлдсэн,
Алтай хааны архан бие
Асгат Хайрханаар нутагладаг
Эгэл малчны ямаан сүрэгт
Ихэр гурван ишиг төржээ.
         Эрхэлж гарсан эгчмэдийг
         Эрээн цоохор толбоор нь
         Дагаж гарсан дараа дахийг
         Даруу орог зүсээр нь
Хожуу гарсан отгоныг
Хондлой алаг тэмдгээр нь
Эрээдэй, Орогдой, Алагдай гэж
Эзэн нь эрхлүүлэн нэрлэв.
         Ажиж сайтар харвал
         Алагдай тун ч соньхон,
         Цавиараа цагаан алаг,
         Хүзүүгээрээ хөх алаг,
Магнайдаа саран толботой
Хошуундаа ногтон зурвастай
Овоо эелдэг зантай
Цовоо хөөрхөн ааштай ажээ. 
              Өнөө гурван ишиг
              Өдөр ирэх бүр
              Том болон өссөөр
              Торниж тэнхээ орсоор
     Өөдөө сөөргөө цойлдог
     Өндөрт авирч чаддаг
     Урагш хойшоо тонгочин
     Уралдаж мөргөлддөг болов.
              Ялангуяа Алагдай ишиг
              Ямаа бүхнээс онцгой.
              Асга дамжихдаа адтай
              Ирмэг дагахдаа идтэй
     Юу юуны түрүүнд
     Хөлөө дэвсэн эрвэлзэнэ,
     Юм юмны эхэнд
     Хүзүү сунган сэрвэлзэнэ.
              Тэртээ өндрөөс тэрнийг
              Тэх янгир хараад:
              “Шууман харцага шувуу шиг  
              Шуугьж явдаг хэн бэ?” гэхэд нь
     Хаднаас хаданд дүүлж
     Чулуунаас чулуунд дэвхэрч
     Хандсан зүг бүрдээ
     Харвасан сум шиг хурдална.
              Тийшээ ч булт үсэрч
              Тэнхээ чадлаа харуулна.
              Ийшээ ч халби харайж
              Ид шидээ гайхуулна.

--> үргэлжилнэ ...

2010-05-21

ХАЧИН БОРОО

(Хүүхэддээ уншиж өгөөрэй, 4-5 нас)
                                           Ч.Арьяасүрэн
Хотод ээжтэйгээ ирээд
Ховор юм нэгийг үзлээ
         Өглөө эртлэн босоод
         Өргөн гудамж өгстөл
Булан тойроод нэг машин
Бороо оруулсаар гарч ирлээ
         Хоёр хажуугаас нь орсон бороо
         Хамаг зүлгийг услаад өнгөрлөө
Хотод ээжтэйгээ ирээд
Ховор юм нэгийг үзлээ
        Тэнгэрт үүлгүй цэлмэг байхад
        Тэр машин л бороо оруулж явах юм.