2017-09-10

Социализмын үед хүн бүр хүүхэд рүү анхаардаг байлаа.

Эх нийтлэл нь  /www.davalgaa.mn/ хуудсанд байгааг уншиж олно.

Монголын багш нарын 47 дахь өдрийг угтаж “цэцэрлэгийн” гэх тодотголтой, боловсрол судлалын магистр, “Зөвлөх” багш Д.Ноннатай “Боловсролын давалгаа” ТББ-ын ажилтнууд социализмын үеийн хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаар ярилцлаа.
Д.Нонна багш маань гялалзаад л би “Багачууддаа уншиж өгөөрэй” номынхоо 1 дүгээр дэвтрийг гаргалаа. Үүнийг 3 хүртэлх насны хүүхдэд зориулан гаргаж байгаа юм. Одоо хүүхдүүд “Хэнз хурга” шүлгээ ч мэдэхээ байчихсан байна шүү дээ гэсээр яриагаа эхлэв.

Боловсролын давалгаа (Б.Д): “Боловсролын давалгаа” ТББ-аас цаашид үйл ажиллагаагаа явуулахад “Одоо бид хүүхдийг ер нь яаж харах юм бэ?” гэсэн асуулт тулгараад байна. Малчин, нүүдэлчин үед ахмад хүмүүс бол амьдралын хамгийн их туршлагатай, мэдлэгтэй, тэднийг бусад нь хүндэлдэг, үгийг нь сонсдог байсан. Гэтэл одоо бидний амьдралын тогтолцоонд өөрчлөлт ороод байна. Суурьшмал амьдралтай болж. Зарим залуучууд ихийг мэддэг, чаддаг болжээ. Тэгэхээр хүүхэд, залуучуудад хандах хандлагаа эргэж харах шаардлага бидэнд үүсч байна.

Д.Нонна (Д.Н): Харин тиймээ. Хүүхдийг хүн гэж үздэггүй, тэдэнд дээрэлхүү байдлаар ханддаг хүмүүс цөөнгүй байна. Би автобусанд жаахан хүүхдийг суудлаас нь босгодоггүй. Хүүхэд чинь ч бас ядардаг юм шүү дээ. Уламжлалт аргаа орчин үетэйгээ уялдуулах шаардлагатай. Өнөөгийн эцэг эхчүүдийн хүүхдээ таних, хүүхэдтэйгээ ажиллах боловсрол их тааруу болжээ.

(Б.Д): Одоо үеийг социализмын үетэй харьцуулахад ялгаа байна уу?

(Д.Н): Социализмын үед хүүхдийн тухай хүн бүр ярьдаг байсан. Боловсролын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөдөө орон нутагт очиход аймаг, сум нэгдлийн дарга нар гээд хүүхдийн асуудлыг ярьдаггүй хүн байгаагүй. Төрөөс хүүхдийн хүмүүжилд их анхаардаг байсан. Хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар эцэг эхчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил ч их хийдэг байлаа. Сар тутам “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүл гарч, түүнийг нь эцэг эхчүүд тогтмол авч уншдаг байсан.  Би цуглуулсан “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлээ нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгт өгсөн. Тэнд очиж үзэж сонирхож болно.

(Б.Д): Дуу, шүлэг гэх мэт хүүхдэд зориулсан бүтээлүүд ч олноороо гардаг байсан даа.

(Д.Н): Тийм. Элдэв-Очир чинь хүүхдийн кино театр байлаа шүү дээ. Хүүхдэд зориулсан “Оюун түлхүүр” сэтгүүл гардаг байлаа. Түүний дотор эцэг эхчүүдэд зориулсан зүйлс бас байдаг байсан. Мөн олон эцэг эх хүүхдүүдтэйгээ сонсдог “Цэнхэр самбар” радио хичээл бүтэн сайн өдрийн 10.00 цагт явдаг байв. 1962 он чухал эргэлт гарсан жил байсан. Засгийн газраас хүүхдийн асуудалд анхаарах талаар бүх хүнд хандсан захидал гаргасан.

1990 он гараад л хүүхдийн хүмүүжил гэж ярих хүн ховордсон доо. Би гэхэд л 1990 онд яамнаасаа “Цэцэрлэгийн хэлтэс”-тэйгээ хамт тэтгэвэрт гарсан.

(Б.Д): Хэрэв бидэнд уламжлал байсан бол ийм хурдан алга болчихмооргүй юм?

(Д.Н): Одоо хүүхэд өөрөө өөрсдийгөө удирдах ёстой гээд үүнийгээ шинэ юм шиг яриад байна. Тэр чинь байсан л байхгүй юу. Бүлгийн ажил, пионерийн ажил гээд хүүхдүүд “пионерийн танхим”-даа ороод ярилцдаг, өөрсдөө хамтарч юм хийдэг байсан. Одоо тийм юм алга. 2-3 ээлжтэй болохоор өрөө тасалгаа ч олдохоо байжээ. Одоо нийгмийн ажилтан гэж байна, гэхдээ ядуу өрх, хог шороо ярина уу гэхээс биш, хүүхдийн тухай ярьж байгаа юм алга. Хорооны дарга хулгайч, архичин, гэр бүлийн салалт ярина уу гэхээс биш хүүхдийн асуудал ярьдаггүй.

(Б.Д): Үлдэх ёстой боловч алга болчихсон тийм уламжлал байна уу?

Одоо бол гадны юм их ороод ирчихсэн байна. Эцэг эх үлгэрлэх, хүүхдээ хүндлэх, зөв харилцах, хүүхэд нь эцэг эхээ хайрлаж хүндэтгэх сайхан уламжлалыг авч хоцрох л ёстой. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүдийн ах, эгч нь дүүгээ сургаж, өсгөж өндийлгөөд л явчихдаг байсан. Мөн эцэг эхчүүд  хүүхдийнхээ нас зүйн онцлогийг сайн мэдэж байж, хүүхэдтэйгээ зөв харилцана.
Социализмын үед нийгмийн төлөө их юм хийж байсан. Алдаа нь хувь хүний асуудлыг бага анхаардаг байсан байх.

(Б.Д): Одоо бол нийгмээ ч, бас хүнээ ч хаясан юм биш үү?

(Д.Н): Өнөөдөр хүүхдийг амьдрах ухаанд сургах ажил их орхигдож байна. Хүүхдүүд биеэ дааж, өөрийгөө авч явж чадахгүй байна. Цэцэрлэгт “хөдөлмөр”-ийн хичээл гэж ордог байсан. Ахлах насныхан нь товч энэ тэрээ хадаад сурчихдаг байлаа ш дээ.

(Б.Д): Тэр үед нэг ангид олон хүүхэдтэй байв уу?

(Д.Н): Нэг анги 25 хүүхэдтэй л байдаг байсан, яслийн ангид бол 15 хүүхэдтэй. Одоо зарим анги 50-60 хүүхэдтэй байна шүү дээ. Багш нар ядаргаанд орж байна. Ийм олон хүүхэдтэй болохоор зугаалгаар хүүхдээ салхинд ч гаргаж чадахгүй болж. Цэцэрлэгт хүүхдийг мөнгөгүй авдаг болсноос л болж байна. Багшийн ажил, үйлчилгээг үнэлэхгүй байна.

(Б.Д): Тэр үед цэцэрлэгийн хамралт хэд байсан бэ?

(Д.Н): 20-30%-тай л байсан. Одоо 60, 70% гээд л байгаа юм. Яг бодит байдал дээр 50%-ийг нь л хамарч байгаа юм уу даа. Тэр хувилбарт сургалт энэ тэр ч худлаа юм билээ. “Шонхор” захын тэнд би нэг шинэ цэцэрлэгт очиж үзсэн. Зай талбай багатай, жижигхээн цэцэрлэг байна лээ.  Энэ их олон хүнтэй хотод 250, 330 хүүхдийн том том цэцэрлэг барих хэрэгтэй байна ш дээ. Том орон сууцнууд олноор баригдаж байна. Ийм орон сууцны 1 дүгээр давхарт нь цэцэрлэг байвал хүүхдэд ч, эцэг эхчүүдэд ч хэчнээн амар байхав. Барилга барихаас нь өмнө барилгын компанитай 1 дүгээр давхарт нь цэцэрлэг байна шүү гээд л гэрээ байгуулчихаж болмоор санагддаг юм.
Сүүлийн 23 жил Монголд шунал  ихэссэн. Улсын хэмжээнд 400 ясли байсан, бүгд хувьд шилжиж, хувийн нүдний эмнэлэг, шүдний эмнэлэг, байр энэ тэр болоод дууссан.

(Б.Д): Үүнд хэн буруутай вэ?

(Д.Н): Хувьчлал гэдэг юм чинь л буруутай байхгүй юу. Сүүлдээ би өөрийгөө загнадаг юм. “Чамд ямар хамаатай юм бэ?” гэж. Тэгээд бас чадахгүй ээ, энэ хэдэн цэцэрлэгийн багшдаа туслах санаатай “юм” хэлчих гээд л.
Агуулгын стандарт гэхээсээ цэцэрлэгийн зай талбай, тавилга, тоглоом наадгай ямар байх ёстойг заасан стандартыг л гаргах шаардлагатай. Одоо хүүхдүүд цементэн шалан дээр хуванцар ширээ сандал, тоглоом наадгай хэрэглээд л байж байна. Энэ чинь хортой. Бүх зүйл модоор хийсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой.

(Б.Д): Сургалтын агуулгын хувьд Таны бодол?

(Д.Н): Эхлээд монгол хүүхэд дээр судалгаа, туршилт хийж, бусад орны сургуулийн өмнөх насны хүүхэд дээр хийсэн судалгаатай харьцуулан, өөрийн гэсэн агуулгыг бий болгох. Одоогийн стандарт гэдгийг бүрэн өөрчилж, өмнө хийж байсан цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгад ойртуулах, тэгээд цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгыг 8-10 жилийн хугацаанд тогтвортой байлгамаар байна.

(Б.Д): Цэцэрлэгийн багш нарт хандаж Та юу хэлмээр байна вэ?

(Д.Н): Хүүхдийн төлөө бүхий л насаа зориулж, хүүхдийг хүн болгох буянтай үйлсэд  зүрх сэтгэлээ өгсөн сайхан багш нартаа улам их амжилт гаргахыг хүсье. Та нар минь биеэ бодож, өөртөө цаг гаргаж, дандаа өөдрөг сэтгэлтэй, инээж баясаж яваарай.

Орчин үеийн сургалтын бүтэц өөрчлөгдөж байна. Оросд “2100 оны цэцэрлэг” гэсэн хөтөлбөр гарч сургалтын зарчмууд шинээр бий болж байна. Багш нар бүтээлчээр ажиллах, мэдээллийн технологийг бүрэн эзэмших, хүн түүний сэтгэл зүйн онцлогийг мэддэг хүн судлаач болоход анхаараарай.
 
Цаг зав гарган ирж, чухал санаанууд хөндсөн ярилцлага өгсөнд их баярлалаа.

Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Тэмдэглэсэн:  Н.Норжхорлоо

2017-07-31

Унаганы зүс

Эцэг эхчүүдээ Т. Жамъяансүрэнгийн   Унаганы зүс шүлгийг 
5-6 насны хүүхдүүддээ уншиж өгч цээжлүүлээрэй.


Зэвэг ахын
урд зэлэн дээр
          Зэсэн олон
          унага байлаа
Цөмийг нь зүсэлж
чадах уу гэж
          Цэрэн ах
          надад хэллээ

Хамгийн урдах нь
Халиун
          Хажуу дахь том нь
          Хар
Хойдох жижиг нь
Хонгор
          Хэвтэж байгаа нь
          Хээр
Зэрэгцэж байгаа нь
Зээрд
          Ард нь туригдаг нь
          Алаг
Цаана нь цавчилдаг нь
Цавьдар
          Саяын босдог нь
          Саарал
Сааралын наадах нь
Буурал
          Цорвойж байгаа нь
          Цоохор
Хөрвөөж байгаа нь
Хүрэн
          Босож суниадаг нь
          Бор
Хулмайж хаждаг нь
Хул
          Шарваж байгаа нь
          Шар гэж

Цөмийг нь би
зүсэлж гүйцээд
          Зөв үү гэж
          лавлан асуутал:
Шарга гэхийг л
шар гэж
          Яльгүй жаахан
          самуурсан ч гэлээ
Адууны зүсийг
андахгүй мэддэг
          Адтай сүрхий
          эр юм гэлээ.

2016-04-25

МИНИЙ ХӨӨРХӨН АМЬТАД (2)


2-5настай багачууддаа цээжлүүлэх шүлгүүд

Д.Отгонсүрэн      ТУУЛАЙ

Дэрсэн хярсан
Дэлдэн туулай
Дэргэдээс босоод
Дэгдэн харайлаа.
Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
  Дээгүүр даваад явчихлаа
Бүлтгэр нүдтэй
Дэлдэн чихтэй
Бүжин туулай
Ёстой хөөрхөн дөө
Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
  Дээгүүр даваад явчихлаа
Тоглох юмсан гэж
Бодоод явдаг
Бүжин туулай
Ёстой хөөрхөн дөө
Дээр дээр
Үсрэн үсрэн
Дэлдэн туулай дэнж
  Дээгүүр даваад явчихлаа

Ж.Нямдорж    БОТГО
           
Хархан нүдтэй
Халтар хан хамартай
Сөөвгөрхөн зогдортой
Сөрөвгөхөн хөмсөгтэй

Хөөрхөн ботго минь
Хөгжилтэй ч амьтан даа

Буйлаа хийлгэж
Бурантгаа зүүлгээд
Тэмээний зэрэгт хүрч
Тээврийн замд гарна

Хөөрхөн ботго минь
Хүчтэй ч амьтан даа.

Д.Дашдорж     ХОЁУЛАА ХӨӨРХӨН.

Хур бороонд угаагдсан
Хурга мөн ч хөөрхөн
Нүүр гараа угаасан
Хүү бас хөөрхөн

Угаасан хургыг хүндэтгэнэ
Хөөрхөн гэж хэлдэг шиг
Угаасан цэвэрхэн хүүг
Нямбай гэж нэрлэн.


2015-12-10

Хэл яриаг хөгжүүлэх –4

5-6 настай хүүхдэд уншиж өгөх ба цээжлүүлэх
Хүүхдийн хэл зүгшрүүлэх үгс

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлье. Эх хэлээ эзэмшье.

Бага насны хүүхдэд шүлэг, оньсого, зүйр цэцэн үгс, жороо үгсийг эхлээд том чуул нь урнаар хэд хэдэн удаа уншиж өгнө. Дараа нь үг болгоныг тайлбарлан өгөөд дагуулж үг болгоныг хүүхдээр хэлүүлнэ. Хүүхдэд шүлгийг цээжлүүлэхэд байнга өдөр бүр давтаж тогтоолгоно. Хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх, уран тод хэллэгт сургахад нэмэр болгох зорилгоор эцэг эх, багш нарт зориулан доор хи материалыг өглөө. Үүнд:

Д.Нацагдорж “Хэнз хурга”

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярас мярас майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хотон дотроо
Тэр бид хоёр тоглодог.
Өвдгөө сөгдөж байгаад
Өөрийнхөө ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш цааш дэгдэн
Малчин эзнээ баясгадаг.

“Миний цэцэрлэг”

Хашаа хүрээ нь цэв цэвэрхэн
Хаалга үүд нь тэв тэгшхэн
Шил цонх нь тув тунгалаг
Ширээ сандал нь шив шинэхэн
Хүүхэд бидний хүмүүжлийн өлгий
Багачууд бидний баярын дэлхий
Цэцэрлэгтээ бид хайртай
Цэцэрлэг минь бидэнд хайртай.

“Найзаа үдъеэ”


Ахлах ангиа төгсөөд
Бага сургаальд дэвшлээ
Эгч ах нар минь баяртай
Эрдэм номдоо шамдаарай

Ахлах ангиа төгсөөд
Бага сургуульд дэвшлээ
Ах эгч нар минь баяртай
Амжилтай сайн сураарай

“Хавар”


Хавар, хавар сайхан
Халуун дулааныг авчрана
Хавар, хавар гоёхон
Хамаг бодисыг ногоорулна.

Хавар, хавар урьхан
Хүүхэд амьтныг төлжүүлнэ
Хавар, хавар хүслэн
Хавар шиг бид цэцэглэнэ.

“Цэцэрлэг”


Манай цэцэрлэгийн хүүхэд
Хүүхэд баярладаг газар
Газар газрын хүүхдүүд
Хүүхэд бүр дотно
Дотно ая сайхан
Сайханд дуртай бид
Бид бүгдээрээ хүүхэд
Хүүхэд баярладаг газар
Газрын сайхан цэцэрлэг
Цэцэрлэг манай гэр.

“Муухай”

Гар нүүрээ угаахгүй
Халтар явбал муухай
Бөөс хурсаа арилгахгүй
Бохир явбал муухай

Хувцас хунараан оёхгүй
Хиртүүлэн явбал муухай
Хуруу хумсаа цэвэрлэхгүй
Хир суулгавал муухай.

“Цас”

Цас цас будрана
Цагаан хуваар дэлгэрэнэ
Мөнгөн дэлхий гялалзана
Мөнч сайхан харагдана.

Цас цас будрана
Цагаан цэцэг хаялана
Хас дэлхийг цайлгана
Хавтай сайхан үзэгдэнэ.

“Миний морь”


Миний морь зээрд морь
Гүйдэл сайтай тарган морь
Чиний морь хул морь
Хол ойрдоо алдартай морь.

“Найзаа угтая”


Бага найз ирлээ
Баярлан баярлан угтая
Сая танилцсан чамтай
Сайхан нөхөр болъё.
          Бяцхан нөхөд ирлээ
          Бид бүгдээрээ угтая
          Сая танилцсан чамтай
          Сайхан ханилж явъя.

“Од тоольё”

Дүүдээ дүүдээ наашаа ир
Тэнгэрийн одыг тоолж үзье
Нэг,хоёр, гурав, дөрөв, тав
Нийлээд хэд байх вэ
Тоолоорой, тоолоорой
Тоог мэдвэл хэлээрэй.

Д.Навансүрэн “Хавар”

Хавартай би найзлан даа
Хамт гадаа наадандаа
Усны шувууг угтан даа
Уран зэрэглээг харандаа
          Хавартай би найзландаа
          Хамт ажил хийнэ дээ
          Зүлэг модоо усландаа
          Шүлэг номоо уншин даа.

“Хурга минь”

Тун цагаан хурга минь
Тун чхөөрхөн ааштай
Тормогор хар нүдтэй
Торгон сайхан үстэй
          Түмэн хонины түрүүнд
          Тоглон дэгдэн гүйнэ
          Төрсөн нутгийн минь чимэг
          Түмэн сүргийн минь эрдэнэ.

“Тугалчин хүү”


Тугалын сүрэг бөмбөр бөмбөр
Тоос татлан манас манас
Тугалчин хүү жирс жирс
Тушаа шилбүүр тас няс

“Миний хурга”


Миний цагаан хурга
Май май майлдаг
Угжтай сүүгээ нэхээд
Уруулаа дологоод майлдаг
Хормойг үнэрлээд дагаад
Хурууг өмхөд мөмдөдөг
Араг дээр үсрээд
Алиалан тоглож нааддаг
Миний цагаан хурга
Майлаад намайг дагадаг.

“Таван хошуу мал”


Дэл сайтай азрага
Дэлэн сайтай гүү
          Сүр сайтай бух
          Сүү сайтай үнээ
Ноос сайтай хуц
Ноолуур сайтай хонь
          Эвэр сайтай ухна
          Үйлдэр сайтай ямаа
Хүч сайтай буур
Хөх сайтай ингэ

“Бэлэг”


Ээждээ би баяраар бэлэг өгмөөр байна
За байз бодоё , заавал бэлэг бэлтгэе
Эрээн бөмбөг өгвөл, ээж авахгүй
Тоглоом өгөөд яах юм бэ
Томчуул ямар тоголдог биш дээ
Ингээд ер нь надад илүү юм алга
Зурсан зургаа бэлэглээд,сурсан дуугаа дуулж өгьё.

Т.Баточир
“Бойтог минь”


Аавын зэхэж элдсэн
Хонины нэхий бойтог минь
Ажаагийн зүүж өгсөн
Хонхон чимэгтэй бойтог минь
          Аавын алганд өөдөөгөө болсон
          Алтан босгонд өлмийгөө өргөсөн
          Бойтог минь. Бойтог минь.
          Бодлын хөөрхөн бойтог минь,
Ээжийн эсгэж цойлдсон
Эвтэй сайхан бойтог минь
Эмээгийн мялааж хайрласан
Энхрий зөөлхөн бойтог минь
          Дахилт
Даахин насанд хүргэсэн
Дахиж багтаагүй бойтог минь
Дэлхийг алхахад тусалсан
Дэм нь багадаагүй бойтог минь
          Дахилт

“32 хул тоолох”

Дэн дун хул
Дэрсэн хул
Ян ян хул
Ясан хул
Бөн бөн хул
Бөндийсэн хул
Сайн эрийн хорин таван хул
Муу эрийн арван хул
Муу тоолвол таван хул
За тоолъё.

32 цагаан лонх
25 хулыгнэг амьсгалаар тоолох

“За, би нэг сайн эр болж 32 цагаан лонхыг нэг амьсгалаар тоолъё гээд тоолно.

Хүүхдийн хэл зүгшрүүлэх үгс

Эргэн дээр элээ хэрээ галуу гурав байна.

Ээрүүл хайруул бариул, билүү чулуу илүүр.

Хадлан руу мал оруулуузай, харгана руу хонь оруулуузай.

Хулан жороо хурдан жирийнэ, хуйвтай шилбүүр хуйлран эвхрэнэ.

Ах, аавын араг савраар аргал хоргол түүлээ.

Ихэр мухар хоёр ишиг, эрх хув хар нэг ишиг.

Аргал том арга бага болохоос, арга том аргал бага биш.

Арван тарвага арвуулаа тарган уу, арван тарвага арвуулаа эцэнхий юу.

Төлгөн хонинууд түргэн хөлтэй үү, иргэн хонинууд түргэн хөлтэй юу,

Бөөрийн талд явахад бөөрөнхий хамхуул бөмбөрөн бөмбөрөн, өнхрөн өнхрөн, өнгөрөн өнгөрөн хийслээ.

Эрээн давуу бараан даавуу хоёрын эрээн нь барааны дор гэсэн болохоос, эрээн давуу бараан даавуу хоёрын эрээн нь дор бараан нь дээр гээгүй.

Дэлгэр тэнэгэр зуны, цэлгэр цэлмэг тэнгэр.

Шилин цонхоны цаана ширэн цүнх, ширэн цүнхний цаана ширмэн хонх.

Хуучин байсан байшин, шинэ барьсан байшин.

Ширгэн дээр иргэн хонь, эргэн дээр төлгөн хонь.

Цох чих дух гурав гээд
Цох чих дух гурваа заагаарай.

Бөх хүнийг бөх хүн гэхээс, бүх хүнийг бөх хүн гэхгүй.

Нимгэн дэвтэр шингэн бэх, мөнгөн үзэг мөн ч тустай.

Эрхэм эрдэнэ эрдэм ном.
Эрдэнэ хүсвэл эрдэм ном сур
Эрдэм сурвал эрдэнэ тэр.

Бор бор болжмор жил жилд өндөглөнө
Бор бор болжмор жир жир жиргэнэ.

Цаас цагаан, цас цагаан, царс цагаан цөм цав цагаан.

Тэнгэр хөх тэнгис хөх тиймээ, хоёюулаа хөв хөх

Ашигласан ном хэвлэл:
  1. “Монгол ардын оньсого цэцэн үг “ Ц.Өлзийхутаг, Улсын Хэвлэлийн газар, Улаанбаатар 1982, номоос авав.
  2. “Хүүхдийн цэцэрлэгийн хэлний боловсрол” багшийн хэрэглэх бичгээс авав. Өвөрмонголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо 1987 он
  3. Хүүхдийн зохиолчдын шүлгүүдийг сонгож авав. 
Сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсныг сонгож хүүхэд дээр туршиж дээрх материалыг түүвэрлэсэн Д.Нонна.